Биологич Я.Ариунзул "Монгол орны ойт хээрийн бүсийн ойг хиймэл дагуул ашиглан зайнаас тандан судлах арга" сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Танин мэдэхүй булангийн энэ удаагийн ээлжинд биологийн шинжлэх ухааны салбараар сонин сайхан юу байгааг сонирхох хуваарьтай байлаа. Энэ салбарт нэгэн монгол бүсгүй сонирхолтой сэдвээр докторын зэрэг хамгаалсан бүтээл хийсэн гэдгийг дуулаад түүнтэй ярилцлага хийв.
Я.Ариунзул доктор мэргэжлийн өндөр түвшинд ярьсан ба монголчууд бүгдээрээ биологич биш зэргийг харгалзан өөрийн ойлгосон хэмжээгээрээ хүүрнэе хэмээн шийдлээ. Хэрэв та хүсвэл өөр нарийн ширийн юмыг яригчаас хэзээ ч асууж болно гэдэгт найдаж байна.
Манай байгаль хамгаалахынхан байсгээд л буга, зээр, тарвага, улмаар ой модоо тоолно гээд л томилолт аваад хөдөө явдаг. Тэгээд нэг тоо олж ирдэг. Өнгөрсөн зун билүү дээ. Говь руу тоорой мод тооллоо гэсэн мэдээ гарч байсан санагдана. Ийм судалгаа шинжилгээний ажлуудын практик хэлбэр шинжлэх ухаан талаасаа илүү улс ардын аж ахуйд үргэлж хэрэг болдог. Өөрөөр хэлбэл чиглэлийн салбарт үндсэн гарын авлага хэлбэрээр ашиглагддаг.
Я.Ариунзулын ярьж байгаагаар бол байгаль орчны тулгамдсан асуудлуудыг баримтаар тоочих явцад заавал газар дээр нь очиж нүдээр харахаас гадна давын өмнө сансрын хиймэл дагуулыг бүтээлчээр ашиглаж хэвших нь шинэлэг арга мөн гэж үзэж байна. Тэр хиймэл дагуулын өдөр тутмын мэдээг ашиглан манай орны ой өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж байна гэсэн тоог олжээ. Өмнө нь ойчид хээр гадаа явж явж 11.2-8.6 гэсэн тоонуудыг цуглуулж ирсэн байдаг. Харин байгаль хамгаалах хөдөлгөөнийхний амнаас ой мод маань нэгээс хоёр хувьд хүрчихлээ гэхийг сонссон. Баримт, баримтыг хянасан баримт зэрэг нь байгаль хамгаалах салбарт зөв гарч өгдөггүй хэцүү асуудал. Эзгүй хээрээс ирэх мэдээлэл заримдаа шинжлэх ухаан гэхээсээ илүү бүр домог, үлгэрийн шинжтэй болоод ирэх тохиолдол байдаг. Тэгэхээр яалт ч үгүй сансрын хиймэл дагуулын зураг одоо хэрэг болоод байгаа нь шаардлага юм.
Я.Ариунзулаас хиймэл дагуулын талаар олон асуултад хариу авсан юм.
Одоогийн байдлаар дэлхийг тойроод 4800 орчим хиймэл дагуул явж байгаа. Зарим хиймэл дагуул тодорхой объектыг байнга тандаад дээрээс хөдөлгөөнгүй ширтэж байдаг бол зарим нь тойроод явж байх жишээтэй. Сансрын тойрогт өмнөх зуунд саран авхай ганцаар манай дэлхийг тойрон эргэлддэг байсан бол одоо орбит тойрогт олон багаж тэнгэрт байна. Хөгжилтэй чадалтай орнууд өөрсдөө хиймэл дагуул хөөргөн хамаг ажлаа "тэнгэр"-ээс амжуулдаг хандлага тогтож эхэллээ. Ажил төрлийн байдал, нөхцөл бололцооноос шалтгаалан дагуулууд газраас 800-36 000 км-ийн өндөрт зайгаа олон тойрч явдаг аж. Үүрэн телефоноос эхлэн цэрэг тагнуулын зориулалттай өчнөөн олон ил далд хиймэл дагуул байгаа бөгөөд тэр болгоныг ашиглах хэрэглэх явдал нь харилцан адилгүй. Заримынх нь мэдээг авахад өндөр төлбөртэй. Ер нь ихэнх нь төлбөргүй гэсэн шүү.
Байгаль орчны сэдвээр мэдээ, зураглал өгдөг Францын "Spot", АНУ-ын "Landsat" зэрэг хиймэл дагуулууд үнэ төлбөргүй бөгөөд холбогдох хаяг, сайт руу ороод өөрийн оронтой хамаатай мэдээлэл авч болдог. Энэ төрлийн дагуулууд зураг авалт, мэдээллээ байн байн шинэчлэх тул өмнөх мэдээлэл нь илүүдэл болчихдог. Заримдаа арав хоногийн өмнө авсан Монгол орчмын газрын зураг үнэгүй, хуучраад байх жишээтэй. Сансраас авсан зургийн код, тэмдэглэгээг зөв гаргаж, бүтээлчээр ашиглаж чадвал хааш хаашаагаа 70 см хүртэлх объектыг тодруулан гаргаж болдог. Гэхдээ энэ нь төлбөртэй. Энгийн тохиолдолд 30х30 метрийн талбайгаас том зайны зураглал үнэгүй байдаг.
Эндээс санаа авахад манай орон ч бусдын жишгээр "хуруу хумсаа хуйхалж байгаад" Орос, Хятадын сансрын аль нэг буудлаас ганц хиймэл дагуул хөөргөчихмөөр юм шиг. Дэлхийн астрономын холбоо гэдэг байгууллага энэ асуудлыг хариуцдаг юмуу даа. Хэрэв бид тэгвэл муугаар бодоход түймэрт явсан "МИ-8" нисдэг тэргээ дор нь олоод авчих жишээтэй.
Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалаад жилийн ихэнх улирал цэлмэг байдаг. Энэ нь Англи зэрэг үргэлж будан татсан орныг бодоход төвөг чирэгдэл багатай, судалгаа шинжилгээ тандалтад таатай нөлөө үзүүлдэг гэнэ.
Я.Ариунзул "агаар"-аас Монголоо харж байхад ойн хувьд Галтай, Булнай зэрэг Хэнтийн нурууны Батсүмбэр сумын нутаг хавьцаа ой нэмэгдсэн байна гэнэ. Гэвч ихэнх нутагт ойн сан сийрэгшиж, үндсэндээ өмнөх жилүүдээс ой эзлэх талбай бүтэн нэг хувиар хорогдсон нь түгшүүрийн хэмжээнд хүрчээ. Монголын ой бол дэлхийн ойт хээрийн бүсийн хамгийн урд хил гэж үздэг. Тийм болохоор маш эмзэг ойтой. Манай орны ой хулгайн модчингуудад өртөх хэрээр хээр талын бүс төдий чинээ хойшоо тэлэх нигууртай тул онцгой анхаарах шаардлагатай аж. Аж ахуйд шилмүүст модыг 120 нас хүргэж байж өөрөөр хэлбэл данхын чинээ бүдүүн болсны дараа хэрэглэвэл хаа хаанаа ач холбогдолтой. Хулгайч нар одоо хамаг нялх модыг хядсанаас ой сүйрэх байдалд хүрээд байгаа. Нарс нас сүүдэр 300 хүрчихээд үхэж өгдөггүй навсайчихаад зулзаган моддын өсч өндийхөд "шавар" болдог тал ч бий. Ойн гүнг судлаад байхад хулгайчид өртөөгүй хэсэг нь хөгширч буй ангилалд орсон байна гэнэ. Хулгайгаар мод бэлтгэгчид модны захаас, аль бартаа багатай хэсгийг амарчлан хөрөөддөг тул ой нэлэнхүйдээ сөнөлтийн байдалд оржээ. Үүнтэй тэмцэх хууль эрх зүй өөрөө бас учир дутагдалтай хэмээн өмнө нь мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан Я.Ариунзул яриандаа дурдаж байсан юм. Тэрээр саяхан АНУ-д очиж тэндхийн байгаль хамгаалах хуулийг сонирхсон юм байна. Манай хуулиар аливаа нэг уул уухайн компани байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр олборлолт явуулахад торгууль хүлээдэг. Тэр торгуулийн хэмжээ нөхөн сэргээлт хийснээс хэд дахин бага шийтгэлтэйг манай хуульчдаас бусад нь бүгд мэддэг л дээ.
Сансраас тандалт хийх ажил нь одоогоор манай байгаль орчны салбарт хийж буй судалгааны зардлаас 26 дахин бага өртөгтэй тооцоо гарчээ.
Я.Ариунзулын хийж буй судалгаа шинжилгээний ажлыг газар дээр нь очиж сонирхох хүн байвал МУИС-ийн биологийн тэнхимд очвол бүх зүйл ил тод нээлттэй гэсэн.
Жамбалын ГангааЭх сурвалж: Өдрийн сонин
2 comments:
Энэ хүний хийсэн ажлын үр дүнтэй танилцаж сонирхох гэсэн юм. Өөр интернет хаяг дээр байршуулсан зүйл байгаа юу?
baikhgui ee... diplomiin ajil ni MUIS-iin nomiin sand bgaa baikhaa...
Post a Comment