Thursday, November 13, 2008

Нийтлэл: Ариунзулын "агаар"-аас харсан ой


Биологич Я.Ариунзул "Мон­гол орны ойт хээрийн бүсийн ойг хиймэл дагуул ашиглан зайнаас тандан суд­лах арга" сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хам­гаалжээ.

Танин мэ­дэхүй булангийн энэ удаагийн ээлжинд био­логийн шинжлэх ухааны сал­бараар сонин сайхан юу бай­гааг сонирхох хуваарьтай байлаа. Энэ сал­барт нэгэн монгол бүсгүй сонирхолтой сэдвээр докто­рын зэрэг хам­гаалсан бүтээл хийсэн гэд­гийг дуулаад түүн­тэй ярилц­лага хийв.

Я.Ариунзул доктор мэр­гэжлийн өндөр түвшинд ярь­сан ба монголчууд бүг­дээрээ биологич биш зэргийг хар­галзан өөрийн ойлгосон хэм­жээгээрээ хүүрнэе хэмээн шийдлээ. Хэрэв та хүсвэл өөр нарийн ширийн юмыг яриг­чаас хэзээ ч асууж болно гэдэгт найдаж байна.

Манай байгаль хамгаа­лахынхан байсгээд л буга, зээр, тарвага, улмаар ой мо­доо тоолно гээд л томилолт аваад хөдөө явдаг. Тэгээд нэг тоо олж ирдэг. Өнгөрсөн зун билүү дээ. Говь руу тоорой мод тооллоо гэсэн мэдээ гарч байсан санагдана. Ийм су­далгаа шинжилгээний ажлуу­дын практик хэлбэр шинжлэх ухаан талаасаа илүү улс ардын аж ахуйд үргэлж хэрэг болдог. Өөрөөр хэлбэл чиг­лэлийн салбарт үндсэн гарын авлага хэлбэрээр ашиглагд­даг.

Я.Ариунзулын ярьж бай­гаагаар бол байгаль орчны тулгамдсан асуудлуудыг ба­римтаар тоочих явцад заавал газар дээр нь очиж нүдээр харахаас гадна давын өмнө сансрын хиймэл дагуулыг бүтээлчээр ашиглаж хэвших нь шинэлэг арга мөн гэж үзэж байна. Тэр хиймэл дагуулын өдөр тутмын мэдээг ашиглан манай орны ой өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвс­гэрийн 7.6 хувийг эзэлж байна гэсэн тоог олжээ. Өмнө нь ойчид хээр гадаа явж явж 11.2-8.6 гэсэн тоонуудыг цуглуулж ирсэн байдаг. Харин байгаль хамгаалах хөдөлгөө­нийхний амнаас ой мод маань нэгээс хоёр хувьд хүрчихлээ гэхийг сонссон. Баримт, ба­римтыг хянасан баримт зэрэг нь байгаль хамгаалах салбарт зөв гарч өгдөггүй хэцүү асуу­дал. Эзгүй хээрээс ирэх мэдээлэл заримдаа шинжлэх ухаан гэхээсээ илүү бүр домог, үлгэрийн шинжтэй болоод ирэх тохиолдол бай­даг. Тэгэхээр яалт ч үгүй сансрын хиймэл дагуулын зураг одоо хэрэг болоод бай­гаа нь шаардлага юм.

Я.Ариунзулаас хиймэл да­гуулын талаар олон асуул­тад хариу авсан юм.

Одоогийн байдлаар дэл­хийг тойроод 4800 орчим хиймэл дагуул явж байгаа. Зарим хиймэл дагуул тодор­хой объектыг байнга тандаад дээрээс хөдөлгөөнгүй шир­тэж байдаг бол зарим нь тойроод явж байх жишээтэй. Сансрын тойрогт өмнөх зуунд саран авхай ганцаар манай дэлхийг тойрон эр­гэлддэг байсан бол одоо орбит тойрогт олон багаж тэнгэрт байна. Хөгжилтэй чадалтай орнууд өөрсдөө хиймэл дагуул хөөр­гөн хамаг ажлаа "тэнгэр"-ээс амжуул­даг хандлага тогтож эхэллээ. Ажил төрлийн бай­дал, нөхцөл бололцооноос шалтгаалан дагуулууд газ­раас 800-36 000 км-ийн өн­дөрт зайгаа олон тойрч явдаг аж. Үүрэн теле­фоноос эхлэн цэрэг тагнуу­лын зориулалт­тай өчнөөн олон ил далд хиймэл дагуул байгаа бөгөөд тэр болгоныг ашиглах хэрэг­лэх явдал нь харилцан адил­гүй. Заримынх нь мэдээг авахад өндөр төл­бөртэй. Ер нь ихэнх нь төл­бөргүй гэсэн шүү.

Байгаль орчны сэдвээр мэдээ, зураглал өгдөг Фран­цын "Spot", АНУ-ын "Landsat" зэрэг хиймэл дагуулууд үнэ төлбөргүй бөгөөд холбогдох хаяг, сайт руу ороод өөрийн оронтой хамаатай мэдээлэл авч болдог. Энэ төрлийн да­гуулууд зураг авалт, мэдээл­лээ байн байн шинэчлэх тул өмнөх мэдээлэл нь илүүдэл болчихдог. Заримдаа арав хоногийн өмнө авсан Монгол орчмын газрын зураг үнэгүй, хуучраад байх жишээтэй. Сансраас авсан зургийн код, тэмдэглэгээг зөв гаргаж, бү­тээлчээр ашиглаж чадвал хааш хаашаагаа 70 см хүр­тэлх объектыг тодруулан гар­гаж болдог. Гэхдээ энэ нь төлбөртэй. Энгийн тохиолдолд 30х30 метрийн талбайгаас том зайны зураглал үнэгүй байдаг.

Эндээс санаа авахад манай орон ч бусдын жишгээр "хуруу хумсаа хуйхалж бай­гаад" Орос, Хятадын сансрын аль нэг буудлаас ганц хиймэл дагуул хөөргөчихмөөр юм шиг. Дэлхийн астрономын холбоо гэдэг байгууллага энэ асуудлыг хариуцдаг юмуу даа. Хэрэв бид тэгвэл муугаар бодоход түймэрт явсан "МИ-8" нисдэг тэргээ дор нь олоод авчих жишээтэй.

Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалаад жи­лийн ихэнх улирал цэлмэг байдаг. Энэ нь Англи зэрэг үргэлж будан татсан орныг бодоход төвөг чирэгдэл ба­гатай, судалгаа шинжилгээ тандалтад таатай нөлөө үзүүл­дэг гэнэ.

Я.Ариунзул "агаар"-аас Мон­голоо харж байхад ойн хувьд Галтай, Булнай зэрэг Хэнтийн нурууны Батсүмбэр сумын нутаг хавьцаа ой нэ­мэгдсэн байна гэнэ. Гэвч ихэнх нутагт ойн сан сий­рэгшиж, үндсэн­дээ өмнөх жилүүдээс ой эз­лэх талбай бүтэн нэг хувиар хорогдсон нь түгшүүрийн хэм­жээнд хүрчээ. Монголын ой бол дэлхийн ойт хээрийн бүсийн хамгийн урд хил гэж үздэг. Тийм болохоор маш эмзэг ойтой. Манай орны ой хулгайн модчингуудад өртөх хэрээр хээр талын бүс төдий чинээ хойшоо тэлэх нигуур­тай тул онцгой анхаарах шаард­ла­гатай аж. Аж ахуйд шилмүүст модыг 120 нас хүргэж байж өөрөөр хэлбэл данхын чинээ бүдүүн бол­сны дараа хэ­рэглэвэл хаа хаанаа ач хол­богдолтой. Хул­гайч нар одоо хамаг нялх модыг хядсанаас ой сүйрэх байдалд хүрээд байгаа. Нарс нас сүүдэр 300 хүр­чихээд үхэж өг­дөггүй навсай­чихаад зулзаган мод­дын өсч өндийхөд "шавар" болдог тал ч бий. Ойн гүнг суд­лаад бай­хад хулгайчид өр­­төө­гүй хэсэг нь хөгширч буй ан­ги­лалд орсон байна гэ­нэ. Хул­гайгаар мод бэлтгэг­чид мод­ны за­хаас, аль бартаа багатай хэсгийг амарчлан хө­рөөддөг тул ой нэлэн­хүй­дээ сөнөл­тийн байдалд ор­жээ. Үүнтэй тэмцэх хууль эрх зүй өөрөө бас учир дутаг­дал­тай хэмээн өмнө нь мэр­гэж­лийн хянал­тын газарт ажил­лаж байсан Я.Ариунзул яриан­даа дурдаж байсан юм. Тэ­рээр саяхан АНУ-д очиж тэнд­хийн байгаль хамгаалах хуу­лийг сонирхсон юм байна. Ма­най хуулиар аливаа нэг уул уухайн ком­пани байгаль орч­ны нөхөн сэргээлт хийх­гүй­гээр олбор­лолт явуулахад тор­­­­гууль хүлээдэг. Тэр тор­гуу­­лийн хэмжээ нөхөн сэр­гээлт хийс­нээс хэд дахин бага шийт­гэлтэйг манай хуульч­даас бусад нь бүгд мэддэг л дээ.

Сансраас тандалт хийх ажил нь одоогоор манай бай­галь орчны салбарт хийж буй судалгааны зардлаас 26 да­хин бага өртөгтэй тооцоо гарчээ.

Я.Ариунзулын хийж буй судалгаа шинжилгээний аж­лыг газар дээр нь очиж со­нирхох хүн байвал МУИС-ийн биологийн тэнхимд очвол бүх зүйл ил тод нээлттэй гэсэн.

Жамбалын Гангаа

Эх сурвалж: Өдрийн сонин

2 comments:

Anonymous said...

Энэ хүний хийсэн ажлын үр дүнтэй танилцаж сонирхох гэсэн юм. Өөр интернет хаяг дээр байршуулсан зүйл байгаа юу?

MGiS said...

baikhgui ee... diplomiin ajil ni MUIS-iin nomiin sand bgaa baikhaa...