Thursday, October 16, 2008

П... гэж пуужин (буюу програм хангамж)

П... гэж пуужин (буюу програм хангамж)


Рэй Брэдбэйригийн “П... гэж пуужин” хэмээх зөгнөлт зохиол багадаа уншиж байж билээ. Хүн төрөлхтөний шинжлэх ухаан болон техник, технологи, мэдээлэл, холбоо зэрэгт олсон бүхий л ололт амжилтыг өөртөө цогцлуулсан техник бол Пуужин байдаг билээ. Тэнд жирийн нэг товчлуур л гэхэд л хамгийн сүүлийн үеийн зүйл байх нь дамжиггүй.

Тэгвэл мэдээлэл технологийн салбарт хүн төрөлхтөний хамгийн сүүлийн ололт амжилтуудыг нэгтгэн цогцлоож гарч ирж байгаа програм хангамж байна. Энэ бол Газарзүйн Мэдээллийн Систем (Geographic Information System) юм.

Үүнд хиймэл оюун ухааны суурь болох эксперт системийн нэн орчин үеийн ололт амжилт орсон байдаг. Мөн програмчлалын үндэс суурь болсон математик загварчлалын аргуудыг идэвхтэй хэрэглэдэг. Газар зүйн шинжлэх ухаан, зайнаас тандах (хиймэл дагуулаас эх дэлхийгээ судлах), дээр хэлсэн эксперт систем, математик загварчлал гээд л хамгийн орчин үеийн ололт амжилтуудын уулзвар дээр энэхүү Газарзүйн Мэдээллийн Систем хийгдсэн байдаг юмаа.

Бид мэдээллийн бааз буюу сан байгуулна (Мэдээллийн технологийг хөгжүүлэх болсон суурь ажлуудын нэг) гэхээр л дандаа хүснэгтэн маягтаар байгуулаад тэр хэлбэрээрээ сэтгээд ирсэн. Тэндээс мэдээллийг яаж хурдан хайж олох, тэр мэдээллүүдийг яаж зөв зохион байгуулах гээд л бараг шинжлэх ухаан болтлоо хөгжсөн бөөн дагалдсан ажлууд бий.

Тэгвэл одоо тэгж хийдэг хөгнө аль хэдий нь ард хоцорч. Одоо Мэдээллийн санг заавал газарзүйн байрлалтай нь газарзүйн зурагтай нь компьютер дотор хийж өгсөн бөгөөд чухам ингэж л хийх нь олон улсын стандарт болсон байна.

Энэ чухам юу вэ гэдгийг амьдралд жаахан дөхүүлэн тайлбарлъя. Өрхийн эмнэлэг дээр энэ системээр өрхүүдийнхээ мэдээллийн санг байгуулсан гэе. Тэгвэл өглөө ирээд компьютерээ асаахад ...р хорооны тэр байрны тэдэн тоотын тэр гуай 3 хоногийн өмнө доод баруун талын тэддүгээр шүдэндээ хяналтын тийм төрлийн ломбо тавиулжээ гээд бүр шүднийх нь зураг, гэрийх нь байрлал, байшингийн зураг, утасны дугаартайгаа, мөн тэр хүний өөрийх нь зураг зэрэг бүхий л цуглуулж чадсан мэдээллүүдийг гарч ирэх боломжтой бөгөөд тэгээд өнөөдөр тэнд очиж жинхэнэ ломбоо тавиулах ёстой та утасдаж сануулаа ч гэж байх жишээтэй.

Өөр нэг жишээ, хотын захиргааны сантехник хариуцсан түшмэл ажилдаа ирээд компьютерээ асаалаа – төчнөөн жилийн өмнө, тэр газар доогуур тавьсан тийм төрлийн ган хоолойн ажиллах норм тэдэн сарын дараа дуусах нь байна шүү, одоо солих бэлтгэлээ хангаарай гээд байрлалыг нь харуулаад ган хоолойн тухай бүхий л мэдээллийг гаргаад байж байна гээд бод л доо.

Дээрх хоёр жишээ бол энгийн зөвхөн хоёр хэрэглээ. Цаашилбал хаана усан цахилгаан станц барих вэ? Хаана нь хэдэн метрийн өндөр далан босговол хичнээн хэмжээний нуур яг хаагуур тогтох вэ? зэргийг зураад л, бүх хэмжигдэхүүнүүдийг (ямар талбайтай нуур, ус нь хичнээн тонн болох, далангийн усны уналт г.м) тооцоолоод л гаргаад өгнө.

Маш олон энгийнээс аваад, бүр шинжлэх ухааны шийдлүүдэд хэрэглэх зэрэг өргөн хэрэглээтэй бөгөөд хамгийн гол нь хөгжилтэй орнуудад үүнийг хэрэглэх нь бүр газар авсан, стандарт болсон.

Тэгэхээр Мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд, биднийг урагш нь аваад явах энэ “Пуужин”-г гол зүйл болгон анхаарах хэрэгтэй бөгөөд энэ олон шинжлэх ухааны уулзвар болсон Газарзүйн Мэдээллийн Системийг өөриймсүүлэн хэрэглэж сурвал бид чухам л мэдээллийн технологи Монгол улсыг Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ гээд яриад байдагтаа дөхөж очих байх.

За тэгээд үүнийг хийхийн тулд яах ёстой вэ? гээд л бөөн асуудал босоод ирнэ. Мэдээж хэрэг боловсон хүчинг, Засгийн газрын бодлогоор бэлдээд хэрэгтэй. Бэлтгэдсэн зарим хүмүүс ч бий.

Тэгээд л бидний нэг алдаад байгааг хурдан хийх хэрэгтэй энэ юу вэ? гэвэл энэ талын (мэдээллийн технологийн, түүн дотроо Газарзүйн Мэдээллийн Системийн) сурах бичгүүдийг хурдан орчуулж гаргах. Үүнд бүр Засгийн газраас зориуд мөнгө гаргаад мэргэжилтнүүдийг зөв зохион байгуулаад, чухам ямар номнуудаа эхэлж гаргах юм гээд л ийм л ажлууд зэрэгцүүлээд хийх хэрэгтэй юм шиг.

Тэгэхгүй бол айл, өрх болгон компьютертай боллоо гэе, тэгээд тэд нар энэ компьютераар юу хийх вэ? өрхийн орлогоо яаж нэмэгдүүлэх юм бэ? Интернэтэд ороод англи хэлгүй улс чинь юу хийх юм бэ? гэдэг дээр бид бодолцох ёстой байх.

Үүнийг чулуу болгоход туслахгүй л бол өрх гэрийг компьютертай болгосон ажлын гол үр дүн байхгүй л болно. Тэгэхээр компьютераа чулуу болгоход нь туслах гол ажил бол түүнийгээ ашиглахад нь туслах юм. Мэдээж өрх бүрт очоод хичээл заахгүй нь ойлгомжтой, харин хүн бүр аваад уншчих номыг нь л бэлдэж өгөх хэрэгтэй санагдаж байна даа.

Эрдэмтэн мэргэдийн баг бүрдүүлье. Гадуур үй түмээрээ байгаа номнуудаас шилж сонгож орчуулцгаая, Засгийн газар үүнд зориулсан мөнгө гаргах хэрэгтэй, баячууд маань мориор уралдацгаахын оронд ийм ажлуудыг санхүүжүүлэхэд мөнгө гаргаж уралддаг, харин хариуд нь засгийн газар рекламдаж өгөөд хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг байх хэрэгтэй юм шиг.

Эцэст нь жаахан улс төржөөд авъя, өдгөөгийн Ерөнхийлөгч маань хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа Мэдээлэл Холбооны Үндэсний Зөвлөл байгууллаа, би дарга нь л гээд байсан одоо энэ Зөвлөл ажиллаж байна уу? Юу хийснээ ард түмэндээ тайлагнахгүй юм уу?

Улаанбаатар хот.

М.Одбаяр.

2005.10.11


P.S: 2005 онд Өдрийн сонинд энэхүү нийтлэл хэвлэгдэж байсан бөгөөд зохиогчоос зөвшөөрөл авсны үр дүнд та бүхэнд толилуулж байна.

2 comments:

Anonymous said...

zov shuuu. andaa. uneheer saihan sanaa baina. onoodor ail buhen computertei bolloo gehed ter computer deer yu hiij bna ve? gedeg asuudal uneheer tavigdaad bgaa. ikh udaj game l togloj bna shuu dee. minii huvid bid ireeduidee baahan gamer l beldeed bgaa yum bishuu gedeg deer ikh emzeglej yavdag da.

Anonymous said...

GIS-iig xogjvvlex toriin bodlogo dutagdaad bna l daa.
Medeelel Xarilcaa Xolboonii agentlag gej toriin bodlogo barix baiguullaga bna l daa. Ted orx bvriig computerjvvleed IT-g xolboo talaas ni internet gej oilgod bna l daa.
Getel medeelliin san gej xarval GIS-g l xogjvvlexees oor zamgvi yum.