Tuesday, October 7, 2008

Хавтгай газар буюу хавтгайршиж буй дэлхий

Хавтгай газар буюу хавтгайршиж буй дэлхий


Хавтгайршилтыг ойлгохуй:

Хэдэн жилийн өмнө Нью Ёорк Таймс сонины гадаад үйл явдлын колумнист Томас Фрийдман “The World is Flat” буюу үгчилбээс Дэлхий бол хавтгай буюу Хавтгай дэлхий гэх мэтээр орчуулж болох ном зохиосон байдаг. Харин энэхүү том бүтээлийг барьж аван монголчилсон залуучууд “Дэлхий бөөрөнхий биш” хэмээн нилээд гуйвуулан орчуулсан байгаа юм. Яахав, доторх орчуулгыг нь уншаагүй тул сайн мэдэхгүй байна, гэхдээ энэ том номыг ингээд орчуулна гэдэг бол нүсэр ажил л даа, тэднийг магтууштай. Гэхдээ бөөрөнхий биш гэснээрээ зохиогчийн гаргах гэсэн гол санааг нилээд бүрхэгдүүлсэн шинжтэй болсон байгаа юм.

Хэрэв дэлхий бөөрөнхий биш юм бол өөр гурвалжин, дөрвөлжин байж ч болно. Эсвэл дундаа нүхтэй поончиг шиг ч байж болох. Гэтэл номын хамгийн гол санаагаа Томас Фрийдман нэгэн удаа Инфосис компанийн захирал, Энэтхэг гаралтай Нандан Нилеканитай ярьж байхдаа олж авсан гэдэг. Энэ нь юу байсан гэхээр Нандан гуай байн байн аж үйлдвэржсэн болон шинээр хүч түрэн орж ирж байгаа улс орнуудын өрсөлдөөний талбар нь адил тэгш болж байгаа талаар дурдаж байсан гэдэг. Үүнээс өөрийнхөө номын гол санаа болох энэ дэлхий ертөнц чинь мэдээллийн шинэ эрин зуун-д ерөнхийдөө хавтгайрч байгаа буюу ерөөсөө адилхан хөгжих боломжтой, түүнийг нь зарим улс гүрнүүд, зарим том корпорациуд батлаад байгаа тухай өгүүлсэн байдаг.

Энэ нь энгийн жишээгээр тайлахад “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэдэн онд, хэн зохиосон нь мэдэгдэхгүй, бараг л Монгол ардын зүйр үгийн санд тууж явдаг хэллэгийг тэглэж байгаа юм. Урд нь Баруун Германд гарсан өндөр өсгийтэй гутлын загвар нь Берлины ханыг нэвтлээд Социалист Германд нэвтрээд, төмөр замаа даган явсаар Москвад түгнэ. Тэр нь бас урагшаа Сибирь, Эрхүү хүрэх гэсээр байтал гайгүй хэдэн сар болж болж нэг юм Монголд орж дэлгэрсээр байтал тэр загвар нь хуучирч, үнэ нь хямдардаг байсан шиг байгаа юм.

Гэтэл одоо бол аль ч Интернэт кафенд ороод барууны нэрт дизайнеруудын сүүлийн үеийн шинэ загварууд, том том дэлгүүрүүдийн зарж байгаа барааг барихаас наагуур мэдэрч болох бөгөөд адаглаад л кабелийн телевизийн Fashion TV-ээс загваруудыг сонжиж харах боломжтой болж байгаа юм. Энэ нь нөгөө мэдээллийн эрс тэс цаг уурт амьдарч байсан хоёр тивийн улс гүрнүүдэд нэгэн зэрэг мэдээллийг хүргэх боломжтой болж байгаад оршино.

Харамсалтай нь дэлхий ертөнц Даяаршил 3.0 хэмээх үсрэнгүй хөгжлийг ярьсаар байх ахуйд, мань Монголчуудад нь наалдсан юм тун ховор. Даяаршил хэмээх үг хэллэг тэртээ 1940-өөд онд хаа нэгтээ яригдаж эхэлсэн байдаг бол 1980-аад оноос дэлхийн эдийн засагчид энэ талаар ам нээж байсан гэдэг. Гэхдээ л 1990-ээд оны сүүлч хүртэл энэ нь зөвхөн таавар, таамаг, прогноз хэлбэрээр яригдсаар хэдхэн жилийн өмнөөс л даяаршил нь жинхэнэ утгаараа хөлөө олж, хүйсээ тэмтрэхтэйгээ болсон гэдэг.

Хуучин нийгмийн үед Эрдэнэт, Говь хэмээх хэдхэн улсын үйлдвэрийн газрууд нь нам засгийн хатуу хяналт шалгалтын дор байгалийн баялаг, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ бусад улс орнуудад гаргаж байсныг манай улсын даяаршил хэмээх их далайд дөнгөж хөлөө норгож байсантай зүйрлэж болно. Гэхдээ 1990-ээд оны бужигнаанд Тахь Ко хэмээх хувцасны үйлдвэр байгуулагдаж, их дээд сургуульд элсэж чадаагүй хот орон нутгын залуусын ганц ажлын мест болж байсан газар нь энэ үйл явцыг арай түргэтгэсэн. За ингэсээр өнгөрсөн онд Солонгосын хөдөлмөрийн захын эрэлт хэрэгцээг хангахаар, даяарчлалд өөрсдийн хувь нэмрийг “оруулахаар” эргэлт буцалтгүй даяанчлахаар шийдэн, стадионы гадаа хэдэн өдөр сойгдсон хэдэн мянган залуусаар төгсч байх шиг байна даа.

Гэвч үүнээс өөр дорвитой зүйл, дэлхийн даяаршилд цучил өргөчих, өөрсдийгөө хавтгай дэлхий дээр аваачиж тавих зүйл өнөөгийн улаанбаатарчуудад тун хомс байна. Хэдэн сайн толгойтой хэмээх математикч, мэдээллийн технологын залуучууд нь гадагшаа гарсан гэх боловч тэд нь бас л тоолбол тийм ч олон биш. Бид даяаршигдаж байна, даяарчлал энд явагдаж байна гэж ярих боловч үнэндээ энэ асуудал нь эргэж харахад эргэлзээтэй болоод байгаа. Бид ярьсаар суусаар байтал, хөгжил дэвшил бүү хэл даяаршлын гадна хоцорч, тулах цэггүй болохдоо тулаад байна. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдож буй зовлон ч биш. Хөгжиж буй улсууд, ялангуяа Африкийн ихэнх улс гүрнүүд болон хуучнаар бол гуравдахь ертөнцийн хэмээн сонсошгүй муухайгаар адлуулдаг байсан улс орнуудад ч энэхүү зовлон нүүрэнд нь тулан, нүдэнд нь орчих гээд байгаа билээ.

Хавтгай газрыг бид яаж капитал болгох вэ?

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам огцом өсөж, 1998 оноос 2008 оны хугацаанд хотын хүн ам жилд дунджаар 5,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлтийг Нийслэл дахь нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн үйлчилгээний чадавх гүйцэж чадахгүйд хүрээд байгаа билээ.

Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч,   хот хүн амын өсөлтөө дийлэхгүй үзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм.

Хэдхэн тоо дурдахад, эдүгээ хотжисон хүн ам Энэтхэгт нийт хүн амын 28 хувийг эзэлж байна. АНУ, Орост тус бүр 77, Индонезид 40, Бразильд 81 хувьд хүрч, бусад хөгжиж буй оронд хүн амын 40 хүртлэх хувь нь хотод суурьшиж байна. 2025 онд энэ тоо 57 хувьд хүрнэ. Латин Америк тэр чигтээ хамгийн их хотжисон бүс нутаг болох нь байна. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58, Азид 53 хувь нь хотод суурьших ажээ. Хүн ам нь 11 саяас дээш байх дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна. Заяанаасаа тариaчин удамтай Хятадад гэхэд л 2000 онд хотжисон нь хүн амынхаа 36.8 хувьтай тэнцүү байсан бол 2002 он гэхэд 39.1 хувь болж, 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиасаа давжээ. Ийм нөхцөлд манай нийслэлийн хүн ам нэг саяас (1 200 000 гэж хаа нэгтээ уншсан санагдана) давсанд гайхах зүйл ердөө ч алга.
Гэхдээ гол ялгаа нь дээрхи
гадаад орнуудад хотжилт нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихөөгүй, харин манайд эсрэгээр. Хорвоо дэлхий хувирч, хөгжил гэрлийн хурдаар урагшилж байна. Харин бид түүнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг зүй тогтол олон монгол хүнд айдас төрүүлсээр. Эдүгээгийн Улаанбаатарыг нүүрлэсэн энэ их гамшиг бол хот хөдөөжсөний сонгодог жишээ, хөдөөжилттэй тэмцээгүйн хор уршиг гэхээс өөрөөр дүгнэх аргагүй. Улаанбаатарын хүн амын 70 гаруй хувь нь хотжоогүй (хөдөөнөөс шилжин ирэгсэд) дундад зуунаараа утаатай бор гэртээ хоног төөрүүлж байна гэдэг бол нэг ёсны нийгмийн айдас гэлтэй байна.

Ердөө Монголын эдийн засаг өнөөдрийн түвшинд судлан үзхэд манай улс жилд 1 тэрбум гаруй долларын баялаг бүтээж байна. Үүнийг бий болгодог гол салбарууд нь ердөө Үйлчилгээ- 45%, ХАА-32%, Үйлдвэрлэл-23% байх юм. Үүнийгээ хүн амынхаа тоонд хуваавал нэг хүнд ногдох ДНБ \дотоодын нийт бүтээгдэхүүн\ нь $400. Тэгэхээр бид ирэх 10 жилд хөгжиж буй орны дундаж түвшинд хүрнэ гэвэл 1 хүнд ногдох ДНБ-ээ 3 дахин өсгөх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл манай эдийн засгийн одоо байгаа салбаруудынх нь аль нь ч энэ өсөлтийг өгч чадахааргүй.

Тэгвэл бид яах вэ?

Энэ бол нууц оньс бөгөөд түүнийг тайлахад нийгэмд алдагдсан мэдээллийн нууцыг тайлах хэрэгтэй болно. Капитал, сүүлийн гурван зууны турш сэтгэгчдийн сонирхлыг татаж ирсэн сэдэв билээ. Маркс “алтаар өндөглөдөг тахиаг барьж үзхийн тулд та физикийн цаад талд гарах ёстой”, Адам Смит “тэр тахианд хүрхийн тулд агаарт зам тавих хэрэгтэй” гэжээ. Гэхдээ хэн нь ч тэр тахиа хаана нуугдаж байгааг хэлээгүй гэдэг. Иймээс Капитал гэж юу юм бэ? Яаж түүнийг бүтээдэг, мөнгөтэй ямар хартцаатай вэ? Гэсэн асуутлууд та бүхэнд бууж байгаа байх.

Эдгээр олон толгой эргүүлсэн асуултуудын хариулт бол ердөөл бидний амьдарч буй дэлхий өнөөх хавтгай газар чинь юм. Бид газрыг эргэлтэнд оруулснаар тухайлбал ард иргэд аж ахуй нэгж байгууллагууд газраа өмчлөн эзэмшин авснаар өнөөх Маркс, Адам Смит гэх хоёр нөхрийн бичсэнчлэн “алтаар өндөглөдөг тахиаг” хаана нуугдаж байгааг, хөгжил иргэншлийн явцад олож авсан билээ.

Тун удахгүй бидний хашааны газар 2-3 өрөө байрны үнэд хүрэх боломж нээгдэж өнөөх нууц капитал чинь ил болох цаг ирлээ.

Үүний тул бид газрын харилцааны салбарт шинэ өнгө төрөхийг оруулах нь нийгмээс гарсан хэрэгцээ шаардлага болоод байгаа гэлтэй.

Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө албан ёсоор 2002 онд батлагдсан. Гэвч уг Ерөнхий төлөвлөгөө нь дээр дурдсан хүн амын болон тээврийн хэрэгслийн огцом өсөлт, гэр хорооллын тэлэлтийг харгалзан үзээгүйн улмаас тодотгол хийх шаардлагатай тулгараад байна. Мөн Монгол Улсын Газрын тухай хууль 2002 онд шинэчлэгдэн батлагдаж, 2003 оны 1 сарын 1 нээс хэрэгжиж эхлэсэн. Тиймээс газрын харилцааны шинэ хандлагад газар эзэмших, газар ашиглах,газар өмчлөх гэсэн төрөл ойлголтууд гарч түүнтэй холбоотой хууль эрх зүйн удирдамж зэргийг сайжруулах шаардлагатай болсон.

Үүний тулд Нийслэлийн Газрын албанаас “Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан нийслэлийн газар ашиглалт, зохион байгуулалтыг сайжруулах түүнд туслах шийдвэрийг дэмжих системийн концепци” гэж батлан гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ “Шийдвэр дэмжих систем нь эцсийн хэрэглэгчийг “олон талын/төрөл бүрийн шалгуурууд , онцлогийг” үндэслэн аливаа тулгамдаж буй мэдээ мэдээллийг үнэ зөв бодит, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх төр захиргааны байгууллагуудыг ард иргэдтэй холбох,илүү нээлттэй болгох, газрын харилцааны шинэ хэлбэрийг шинэ нийслэлчүүдэд түгээх, дэлхий ертөнцтэй холбох “Хавтгай газар буюу хавтгайршиж буй дэлхий” гэсэн нэгэн үгийн биелэл болох боллоо.

Зөвхөн компьютерээс комьютерын хооронд хэдэн цифр солилцсоноор даяаршил, хавтгаршил болчлоо гэдэг бол өнгөц ойлголт. Биднээс, монголчуудаас нийслэлчүүдээс ихийг шаардаж байна. Манайх шиг газар зүй, эдийн засгийн тун эмзэг орчинд байрлалтай улсын хувьд даа ялангуяа даяаршилд даацтай хандах хэрэгтэй. Түүнээс биш хажуу айлын Бямбаагийн хүүхдүүд нь бүгдээрээ хятад шаахай өмсөөд, халва идээд байхад биднийх яагаад болохгүй гэж гэсэн сэтгэлгээгээр хандаж үл болно.

Улс даяар бүх үйлсийн эх ундарга, эхлэл төгсгөл, үлгэр дууриал нь улаанбаатарчууд байх болно!!!

Бичсэн: Нийслэлийн газрын албаны даргын зөвлөх Т.Анхбаяр

No comments: