Friday, December 5, 2014

GNSS-ийн байнгын ажиллагаатай станц /CORS/

GNSS-ийн байнгын ажиллагаатай станц /CORS/

CORS гэж юу вэ?

GNSS-ийн байнгын ажиглалтын станц гэдэг нь олон улсын стандартад нийцүүлэн баталсан заавар, аргачлалын дагуу суурилуулагдсан, байрлал тодорхойлох хиймэл дагуулын мэдээг хүлээн авах антены солбицлыг олон улсын байнгын ажиллагаатай станцтай харьцангуйгаар ITRF системд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлсон, 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS-н багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ юм. CORS нь өөрийн байрлалыг статик горимд тасралтгүй хэмжиж байдаг ба өндөр давтамжийн радио долгионоор (UHF modem), өргөн зурвасын богино долгионоор (Bluetooth modem) мэдээлэл дамжуулах технологи, утасгүй интернетийн сүлжээгээр мэдээлэл дамжуулах (CDMA, GSM modem) технологиор өөрийн байрлалын бодит агшны засвар (RTK) -ыг дамжуулж байдаг.


Хэрэгцээ шаардлага

GPS, GLONASS, COMPASS, GALILEO, BAIDU зэрэг хиймэл дагуулын байрлал тодорхойлох системүүд иргэний хэрэгцээнд нэвтэрч, тэдгээрийн нэгдэл болох дэлхий нийтийн хиймэл дагуулын байрлал тодорхойлох систем буюу GNSS /Global navigation satellite system/-ийг байгуулж, бусад улсуудыг нэгтгэсээр байна. Үүнийг дагаад дэлхийн улс орнууд GNSS-ийн сүлжээг байгуулах, уламжлалт аргаар байгуулсан байрлал, өндрийн сүлжээг нэгтгэх замаар дэлхий нийт, бүс нутгийн хэмжээнд интеграцид орох боллоо. Мөн монгол улсад авто зам, барилга, газрын харилцаа, харилцаа холбоо, хот байгуулалт, уул уурхайн зэрэг дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт сайжирч, тодорхой хууль эрх зүйн орчнууд бүрдсэнээр хот суурин газрыг шинээр болон дахин төлөвлөх, орд газруудыг ашиглах, тэдгээрийг холбосон дэд бүтцийн сүлжээг байгуулах ажлуудын хүрээнд төрийн захиалгат, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр хийгдэх том масштабын байр зүйн дэвсгэр зураг, гүйцэтгэлийн зураг, геодезийн төрөл бүрийн хэмжилтийн ажлууд ихсэж нарийвчлалын шаардлага өндөрсөж байна.
Эдгээр хэрэгцээ шаардлагын үүднээс монгол улсад 2006 оноос GPS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах ажлыг эхлүүлж байсан боловч хөрөнгө оруулалтаас хамаарч зогсонги байдалд байсан бөгөөд 2011 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрх” төслийн хөрөнгө оруулалтаар Trimble фирмийн 6 ш GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байгуулснаар геодези зураг зүйн ажилд бодит үр ашгаа өгч эхэлсэн.

Зорилго

CORS байгуулах ажлын зорилго нь Монгол улсын геодезийн сүлжээний нарийвчлалыг сайжруулах, байнгын хяналтыг хийх, инженер геодези, байр зүй зураглалын ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах техник тоног төхөөрөмжийн зардал, хүний нөөц, цаг хугацааг хэмнэх,
бодит агшны хэмжилт (RTK)-ийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажлын зардлыг багасгаж нарийвчлал өндөртэй суурь өгөгдлөөр хангах, солбицлын нэгдсэн тогтолцоонд зураглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр салбарын яам, агентлагийн зүгээс дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:
1. Монгол улсын нутаг дэвсгэрийг жигд хамарч байхаар CORS-ийг байгуулж, интернетийн өндөр хурдны интернетийн сүлжээнд шилэн кабелиар холбох;
2. Геодезийн хэмжилт зураглалын чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг станцын мэдээллээр хангах;
3. ШУА болон бусад байгууллагын суурилуулсан станцыг өөрийн сүлжээндээ нэгтгэн өргөтгөх, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлыг давхардуулахгүйгээр зохион байгуулах;
4. Өндөр нарийвчлалын хөдөлгөөнт биетийн хяналтын системийг ашиглах суурь нөхцлийг бүрдүүлэх;
5. МУ-ын нутаг дэвсгэрт байгуулж байгаа төрөл бүрийн GNSS-ийн сүлжээний хэмжилтийн үр дүнг CORS-ийн сүлжээнд холбон онлайнаар боловсруулах боломжийг бүрдүүлэх;
6. МУ-д CORS-ийн мэдээллийг ашиглан явуулдаг суурь судалгааг хөгжүүлэх, судлаач, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах;
7. Аймаг нийслэлийн газрын албадад байр зүйн зураглал болон кадастрын зураглал хийх, газрын маргааны хяналтын хэмжилтийг GNSS-ийн багаж хэрэгслээр хийх боломжоор хангах зэрэг болно.

МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд станц байгуулах ажлыг гүйцэтгэхээр тусгасны 2011-2014 онуудад нийт 1.232 тэрбум төгрөгөөр 31 ш CORS байгуулах ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны II улирлын байдлаар монгол улсад 21 аймгийн төв, 2 сумд 23 ш CORS (2-р зураг) ажиллаж байна. 

2-р зураг. CORS-ийн байршил

Trimble фирмийн NETR8, NETR9 загварын GNSS-ийн хүлээн авагчуудыг ашиглаж байна. Тоног төхөөрөмжийг олон улсын геодезийн чиглэлийн их дээд сургууль, судлаачид, хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн нэгдсэн ашгийн төлөө бус олон улсын байгууллага /UNAVCO/-аас гаргасан. 

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын зориулалтаар ашиглаж болох хүлээн авагч, антены танилцуулга, үзүүлэлт болон бусад мэдээлэлд үндэслэн сонгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар харна уу.



Энэхүү ажлыг тrimble фирмийн гэрээт борлуулагч “Гео-Инструментс” ХХК нь БХБЯ-тай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Цаашид бүх сум суурин газруудад CORS байгуулах зорилт тавин холбогдох тооцоо судалгааг дараах ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:
1. 2011 онд Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг байгуулав.
2. Суурилуулсан станцуудын антены солбицлыг ITRF 2008 эринд тэгшитгэн бодсон /Тухайн ажлын тайланг монголын геодези, фотограмметрийн холбооны FB хуудсанд байршуулав/.
3. Онлайн RTK засвар дамжуулах Trimble Dynamic Control программ хангамж /3-р зураг/-ийг ГХБГЗЗГ /хуучнаар/-ын серверт байрлуулсан. Trimble фирмийн байнгын ажиллагаатай станцтай ажиллах гарын авлагыг боловсруулан ГХГЗЗГ-ын даргын 2011 оны 574 дүгээр тушаалаар батлуулсан.

3-р зураг. Trimble Dynamic control программын хэсэг

4. Австралийн AUSPOS онлайн үйлчилгээ /unix үйлдлийн системд суурилсан Bernese 5.0 программ хангамжаар бодолт хийх, 4-р  зураг/-нд нэгдэхээр өөрсдийн CORS-ийн мэдээллийг дамжуулж байна.

4-р зураг. Онлайн бодолт хийх цахим хуудас

5. 2013 онд 21 аймгийн ГХБХБГ-ын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт явуулав.
6. CORS-ийн талаар мэргэшсэн инженерийн сургалтуудад танилцуулгыг хийх;
7. Иргэд аж ахуйн нэгжүүд GNSS-ийн хүлээн авагчийг CORS-оос засвар дамжуулах дараах параметрүүдийн тохиргоог хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Үүнд:
IP: 202.21.125.8 (Ntrip caster буюу Single base station-ээс засвар дамжуулах интернет хаяг)
Port: 2101 (мэдээлэл дамжуулах порт)
User: Rover (серверт хандах хэрэглэгчийн нэр)
Password: 262461 (серверт хандах хэрэглэгчийн нууц үг)
Жишээ: Trimble фирмийн R8 загвар, South фирмийн S82-V загварын GNSS-ийн багажнууд дээр тохиргоог хийсэн хэсгийг оруулав.


8. CORS-ийн талаар Trimble, South, Huace фирмийн гэрээт борлуулагч нарын техникийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэчилсэн загвар, хэмжилтийн өгөгдлийн чанарт үнэлэлт дүгнэлт өгөх;
9. CORS-ийн ажиллагааны заавар боловсруулан ЗТБХБ-ын сайдын 2011 оны 131 дүгээр тушаалаар батлуулан мөрдүүлж байна.
10. Trimble фирмийн байнгын ажиллагаатай станцтай ажиллах гарын авлагыг боловсруулан ГХГЗЗГ-ын даргын 2011 оны 574 дүгээр тушаалаар батлуулсан.
11. “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД 81-103-13 дүрэмд CORS байгуулах ажлын өртгийг шинээр оруулж батлуулсан.

Эх сурвалж:  БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


No comments: