Monday, March 23, 2009

3-р сарын 23: Дэлхийн цаг уурын өдөр

3-р сарын 23: Дэлхийн цаг уурын өдөр

Хүн төрөлхтөн амьдралынхаа бүхий л үед өөрийн амьдарч буй газрынхаа орчин байдал, агаар мандал, цаг агаарын төлвийг шинжиж, ажиглаж ирсэн билээ. Манай өвөг дээдэс энэ тал гаргуун их түүхийг бүтээж, мал аж ахуйтайгаа холбож өөрсдийн амьдралдаа өдөр тутам хэрэглэж ирсэн. Үүнийг одоо ч гэсэн малчид хэрэглэж, өдөр тутам радиогоороо цаг агаарын мэдээг хүлээн авч амьдарч байна. Монгол улсад 85 жилийн өмнөөс албан ёсоор цаг агаарыг ажиглаж, судлах шинжлэх ухааны ул суурьтай хөтөлбөр эхэлсэн хэдий ч Богд хаант Монгол улсын үед ч Их Хүрээнд цаг уурын ажиглалтыг хийж ирсэн түүхээс гадна эрт дээр үед ч Чингис түүний үр хүүхдүүдийн байлдан дагуулалтын үед цэрэг дайндаа тухайн улс орнуудын цаг агаарын мэдээллийг ч цуглуулж , ашиглаж байсан баримт ч бий билээ.

Миний бие цаг уурын инженер мэргэжилтэй бөгөөд сансрын цаг уур буюу хиймэл дагуулын мэдээгээр байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, боловсруулах талаар мэргэшсэн билээ. Тиймээс ч энэ өдөр нийт цаг уурчдаа ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ байна.

Дэлхийн цаг уурын байгууллага нь нийт 188 гаруй орны гишүүнчлэлтэй 5 бүс нутагт хуваагдан, байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, судлах, тэдгээрийг урьдчилан мэдээлэх, цаг агаарын мэдээний хэрэглээг ихэсгэх, цаг уурчдын боловсрол, чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага билээ. 1950 оноос Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэх санаачилга гарч жил бүр нэгэн сэдвийн доор тэмдэглэж, тэрхүү сэдэвтэй холбоотой үйл ажиллагаа, сурталчилгааг хийж олон нийтийн хамтын ажиллагааг идэвхжүүлдэг билээ. Энэ жил "Цаг агаар, уур амьсгал болон бидний амьсгалж буй агаар" гэсэн сэдвийн доор энэ өдрийг тэмдэглэж байна.

No comments: