Зайнаас Тандан Судлал
М.Одбаяр.
ЦУОШГ-ын МТТ-ийн
Хэлтсийн дарга
Хүн төрөлхтөний бүхий л түүхийг аваад үзэхэд хоорондоо л дайтсан байдаг билээ. Дайн байлдаан хүн төрөлхтөнийг мөхлийн ирмэг дээр хэд хэдэн удаа аваачиж байсан боловч бас хүн төрөлхтөний хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм.
Тухайлбал, компьютерийг нэг хэдэн зохион бүтээгч сууж байгаад хүний үйл ажиллагааг автомат удирдлгатай болгоё гээд хийчээгүй юм. Их бууны сумны балластик замналыг хурдан шуурхай бодох тооцоолуур хэрэгтэй болжээ. Дэлхийн 2-р дайны үеэр Германчууд асар том их буу хийгээд маш алсад буудах болоход, сумных нь замналыг тооцоолох буюу чухам яаж чиглүүлж буудахаа хурдан тооцоолох хэрэгтэй болсон бөгөөд үүнд бас салхиний хүч, чигээс авахуулаад олон хүчин зүйл тооцох хэрэгтэй болов.
Мөн дайнд хэн нь дээр хөөрч чадсан нь санаачлагыг гартаа авах байдал бий болсон. Энэ нь агаарын бөмбөлөгөөс авахуулаад онгоцоор (их өндөрт хөөрч, радарт баригдахгүйгээр тагнах U2 гэдэг онгоцыг Оросууд 1960-аад оны үед унагаж байсаныг манай хууцчуул санаж байгаа байх) дамжаад хиймэл дагуул хөөргөхөд хүргэсэн билээ.
Ингээд тагнуул, дайны зориулалтайгаар эхлээд хөөрсөн дагуулууд маань хөгжсөөр янз бүрийн зориулалтайгаар одоо хийгдэж, олон төрлийн нарийн хэмжилт, судлагааны үнэлж барашгүй чухал мэдээллүүдийг нь бид дэлхийгээ судлахад зориулж ашиглах болжээ.
Хиймэл дагуулуудыг замналаар нь ерөнхийд нь 2 ангилдаг юм. Үүнд: туйлын замналтай, нөгөөдөх нь байран замналтай гэж.
Туйлын замнал гэдэг нь Дэлхийгээ тойрох дүгирэг орбит нь Дэлхийн хойд ба өмнөд туйлууд дээгүүр дайран өнгөрдөг. Замналын өндөр нь 700-800 км.
Харин байран замнал гэдэг нь Дэлхийгээ тойрохдоо Дэлхийн тухайн газарзүйн нэг цэг дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн мэт (ө.х. Дэлхийн тэнхлэгээ эргэх өнцөг хурдтай ижил өнцөг хурдтайгаар) байхыг хэлэх бөгөөд энэ цэг нь Дэлхийн бүслүүр буюу экваторын шугам дээр байрласан байна. Замналын өндөр нь 36 000 км.
Дагуул дээр байрлах мэдрүүрийг ерөнхийд нь бас 2 ангилна: идэвхитэй, идэвхигүй гэж.
Идэвхитэй мэдрүүр гэдэг нь өөрөө радио долгион цацруулаад тухайн биетээс ойгоод ирсэн долгионоор дамжуулан цаад биетээ судалдаг. Биетүүд өөрийн шинж байдлаас хамаараад радио долгионыг янз бүрээр ойлгоно. Дэлхий нийтэд ийм мэдрэгчийг Радар (SAR) гэнэ.
Идэвхигүй мэдрүүр гэж Дэлхий дээр нарны гэрэл тусаад эргэж ойж байгааг тусган авч мэдэрч, үүгээр дамжуулан тухайн биетийг судалдаг. Мөн биетүүд өөрийн шинж чанараас хамаараад гэрлийн долгионыг янз бүрээр ойлгоно. Үүн дээр нь тулгуурлаад тухайн биетийг судалдаг. Мөн бас тухайн биет гэрлийг шингээгээд гэрлийн энергийг дулааны энерги болгон эргэн цацруулдаг бөгөөд үүнийг нь цацрагийн спектр болон дулааны долгион талаас судалж, тухайн биетийн тухай мэдээллийг олж авдаг.
Энэ сүүлийн төрлийн мэдрүүрийн мэдээнүүд, зайнаас тандах судалгаанд түгээмэл бөгөөд ихэнх хувийг эзэлдэг юм.
Эдгээр нь ялгах чадвараараа олон янз байх бөгөөд зарим мэдээний ялгах чадвар гэдэг нь тухайн мэдээний нэг цэг хэр хэмжээний газар нутгийг төлөөлж байгааг хэлнэ (нэг цэг хааш хаашаагаа 5км (FY2C)–ээс авахуулаад 60см (Quickbird) хүртэл байдаг. Энэ бидэнд мэдэгдэж байгаа нь, харин мэдэгдэхгүй нууц, тагнуулын ямар чадвартай дагуул байгааг бид мэдэхгүй).
БНХАУ-ын FY2C хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар 5 км.
АНУ-ын NOAA цувралын хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар нь 1 км.
MODIS –ийн мэдээ – ялгах чадвар нь 250 м.
Quickburd – ийн мэдээ – ялгах чадвар нь 60 см.
Ийнхүү олон төрлийн хиймэл дагуулууд байдгаас өнөөдөр Монгол улсад өдөр бүр тогтмол хүлээж авдаг буюу манай улсад хүлээн авах станцыг нь суурилуулсан 3 төрлийн хиймэл дагуулууд байна.
БНХАУ-ын цаг уурын ажиглалтын зориулалтай, байран хиймэл дагуул FY2C байна. Мэдээ нь цаг бүр орж ирдэгээрээ давуу талтай.
АНУ-ын бас цаг уурын зориулалттай NOAA цувралын (15,17,18) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 удаа Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 1 км.
Мөн АНУ-ын MODIS (Terra/Aqua) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 250 м.
Эдгээр бүх хүлээн авах станцууд ЦУОШГ-ын Мэдээлэл Тооцооллын Төв дээр суурилагдсан байна.
Дээрх дагуулуудын мэдээг нь ер нь Монгол улсад яаж ашигладаг юм бэ гэсэн асуудал үүсэх нь гарцаагүй.
Өвлийн хугацаанд MODIS 250м мэдээгээр цасан бүрхүүлийн зураглал 10 хоног тутамд хийж тус төвийн веб хуудсанд байрлуулж байгаа бөгөөд хэрэгтэй үед нь, жишээлбэл ОБЕГ-т, түүгээр дамжуулан Монгол улсын засгийн газарт үйлчилж байна.
Хавар, намрын улиралд голчлон ой хээрийн түймрийг илрүүлэн, хянах ажил хийх бөгөөд жилийн эцэс болон хагас жилээр ой хээрийн түймэрт өртсөн талбайн хэмжээг, хиймэл дагуулын мэдээн дээрээс тооцоолон гаргаж, ОБЕГ, БОАЖ яам зэрэг бусад байгууллагуудад үйлчилдэг бөгөөд эдгээрээр дамжин Засгийн Газарт үйлчилж байгаа юм.
Ой хээрийн түймрийн мэдээг тус төвийн веб хуудсанд хурдан шуурхай байрлуулан, тухайн түймэртэй аймгуудад дамжуулан бас өөрийн улсын иргэд, байгууллагуудад, улмаар олон улсын сонирхож байгаа иргэд, байгууллагуудад үйлчилдэг билээ.
Дээрх шуурхай мэдээллүүдийг боловсруулан бий болгохоос гадна, ургамалын төлөв байдал, үүнээс дамжуулаад бэлчээрийн байдал, ган, цөлжилтийн зэрэг бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг бөгөөд шинээр шороон шуурганы бүтээгдэхүүн гаргадаг болохоор ажиллацгааж байна.
Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин суудаг улсад хиймэл дагуулын мэдээг ашиглах нь эдийн засгийн болон шинжлэн судлах талаасаа ч асар их үр дүнтэй юм.
P.S: Энэхүү өгүүллэг "Амьдрах ухаан" сэтгүүлд гарахаар төлөвлөгдсөн (гарсан байж магад) бөгөөд зохиогчоос нь зөвшөөрөл авч орууллаа.
No comments:
Post a Comment